ТАНИЛЦУУЛГА
Цэнхэр сумын түүхэн товчоо:
1923 онд Монгол улсын төр засгийн газраас орон нутгийн Засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилж, Халхын сайн ноён хан аймгийн Ачит гүний хошууг Цэцэрлэг мандал уулын аймгийн Цэцэрлэг голын хошуу, Зоригт гүний хошууг, Цагаан сүм уулын хошуу Зая бандид хутагтын шавийн хошууг Эрдэнэбулган уулын хошуу хэмээн нэрлэж, дээрх гурван хошуунд Цэнхэр, Цэцэрлэг, Өсөх дэлгэрэх сумыг тус тус байгуулсан нь одоогийн Архангай аймгийн Цэнхэр сум үүсэн байгуулагдсан.
Сумын газарзүйн байршил:
Цэнхэр сум нь Хангайн уулархаг муж хийгээд Орхон, Тамирын хөндийд оршдог бөгөөд баруун хойд талаараа Булган сум, хойд талаараа Эрдэнэбулган, Батцэнгэл сумтай баруун, баруун урд талаараа Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, өмнөд талаараа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, зүүн өмнө зүүн талаараа өөрийн аймгийн Төвшрүүлэх, Хотонт сумтай хиллэн оршдог. 332.7 мянган га бөгөөд үүний 235.7 мянган га нь бэлчээр, 5.8 мянган га нь хадлангийн, 2.5 мянган га нь тариалангийн талбай, 79.2 мянган га нь ойн фонд болно. Сумын төв нь УБ хотоос аймгийн төв-Цэцэрлэг хот орох их замын хажууд урд Тамирын голын гүүрний дэргэд УБ хотоос 438 км, аймгийн төвөөс 30 шахам км зайтай үзэсгэлэнт Тамирын голын хөвөөнөө Алтан-Овоо хэмээх бяцхан уулын ард оршино.
Нутгийн хөрс ургамал, бэлчээр ус:
Цэнхэр сумын нутаг байгалийн баялаг ихтэй. Алт, төмөр, зэс, хар тугалгын хүдэр, мана, гантиг, билүү, болр, хүрмэн болон боржин чулуу, хүлэр, зос, барилгын материал, галт уулын чулуулаг элбэг аж.
2021 онд сумын нутагт ШУА-н Ботаникийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар нийт 50 овог, 82 төрөлд хамаарах 364 зүйлийн гуурст дээд ургамал бүртгэгдсэнээс:
- 13 овгийн 14 төрөлд хамаарах 14 зүйлийн нэн ховор ургамал
- 18 овгийн 23 төрөлд хамаарах 26 зүйлийн ховор ургамал
- 4 овгийн 4 төрөлд хамаарах 4 зүйлийн унаган ургамал
- 45 овгийн 134 төрөлд хамаарах 240 зүйлийн эмийн ургамал
- 25 овгийн 64 төрөлд хамаарах 115 зүйлийн бэлчээрийн ургамал тус тус байна.
Биологийн ухааны доктор, профессор сумын уугуул иргэн Э.Ганболдын судлан тодорхойлсноор Цэнхэр сумын ургамалжилтын бүсийг Өндөр уулын бүслүүр, уулын ойт хээрийн бүслүүр, хээрийн бүс хэмээн гурав худаасан аж. Сумын нийт нутагт 56 овгийн 216 төрлийн 425 зүйл ургамал байдаг бөгөөд эмийн, хүнсний, бэлчээрийн, гоёл чимэглэлийн зэрэг ашигт ургамлаар нилээд баялаг юм. Эмийн 110 зүйл, хүнсний 20 зүйл, жимсний 10 гаруй зүйл ургадаг байна.
Ан амьтан:
Доктор Л.Амгалангийн тодорхойлон бичсэнээр сумын нутагт 51 зүйлийн хөхтөн, 210 орчим зүйлийн шувуу, 3 зүйл төлхөч, 3 зүйлийн хоёр нутагт, 14 зүйлийн загас, ойролцоогоор 7.0 мянга гаруй зүйлийн шавж байдаг аж. Монгол орны “Улаан ном”-н нэн ховор болон ховор ангилалд бадганы хүдэр, тул загас, шивэр гүлмэр орсон байдаг. Мөн хар өрөвтас, хээрийн галуу, гангар хун, явлаг сар, усны цагаан сүүлт бүргэд, цасны хажир, алтайн хойлог, уран шувуу зэрэг 8 зүйл шувуу бүртгэгдсэн байна.
ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ГАЗРУУД
Суварга Хайрхан уул
Цэнхэр сумын нутагт орших бөгөөд сумын төвөөс 75км зайд оршдог хангайн уулархаг мужийн савд багтах байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт сүрлэг уул юм. Суврага хайрхан уул нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохон талд өвөр биедээ хонхортойбөгөөд тэр хонхорт нь тунгалаг уст бяцхан нууртай. Энэ хонхор нь галт уулын дэлбэрэлтээс үүсэн тогтсон нэгэн ёсны галт уулын тогоо юм. Суварга хайрханы урд элэгнээс Орхон гол, араас нь Урд тамирын гол, зүүн сугаас нь Цэцэрлэгийн гол эх аван урсаж гардаг. Далайн төвшнөөс дээш 3117 метр өргөгдсөн Төрийн тахилгатай уул билээ.
Бор талын рашаан
Сумын төвөөс 42км зайд Цэнхэр багийн нутаг дэвсгэрт оршдог. Рашааны температур нь 52o. Бор талын рашаан нь нүцгэн толгодын зүүн хажууд гүнзгий хонхор жалга дотроос ундран гарсан бөгөөд энэ рашааныг эрт үеэс эхлэн одоо хүртэл эмчилгээний журмаар ашиглаж байгаа билээ.
Цэнхэрийн халуун усны рашаан
Сумын төвөөс баруун урагшаа 25 км зайд оршдог. Рашааны темдератур нь 87o. Цэнхэрийн халуун рашаан нь ходоод, бөөр, элэг, цөс, зүрхний үйл ажиллагаанд их сайн. “Цэнхэр жигүүр”, “Шивээт манхан”, “Дуут”, “Алтан нутаг”, “ЖДЛ” гэх мэт амралтын газрууд байдаг.
Гялааны халуун усны рашаан
Сумын төвөөс 44 км зайд оршдог. Бор талын рашаанаас цааш 2км зайтай. Рашааны температур 53o. Халуун бүлээн усны олон ундрагатай. Гялааны горхины урд биед хөвч ойн ар хормойд бяцхан хадан хошууны ар ёроолоос Гялааны рашаан ундран гардаг. Гялааны рашаанд хүхэрт устөрөгчийн болон цахиурын нэгдлүүд элбэг. Тус рашаан нь хүний дотоод эрхтэн, таван цулд сайн.
Хөрвөөлгийн гурван тогоо
Сумын төвөөс баруун урагшаа 110 км зайд оршдог. Суварга хайрханы өмнө Хөрвөөлгийн голын эхэнд солбидог гэж нүцгэн уул бий. Энэ уул оройгоороо цуурч солбиу хэлбэртэй их хунх тогтож хунхны ёроолд солбидог, ямаат, гялгар гэх гурван нууртай. Газар хөрвөж уул солбиж хагарсан учраас ийн нэрлэсэн.
Хошготын боргио
Сумын төвөөс 135км зайд Орхон багийн нутагт оршдог. Цэнхэр сумын Орхон баг Хошготын боргио гэдэг газар 2000 метр өндөрт оршдог бөгөөд долдугаар сарын дундаас цас орж эхэлдэг байна.
Урд тамирын гол
Тамирын голын гүүр
Алтан-Овоо уул