Slide background
Slide background
Slide background

Аймгийн Засаг дарга Цэнхэр суманд ажиллаа

цэнхэрЦэнхэр сумын удирдлагууд 2013 оны сум хөгжүүлэх сангийн 50 сая төгрөгөөр ахуй үйлчилгээний төв байгуулжээ. Уг үйлчилгээний төвд одоогоор тогтмол ажилладаг оёдолчин, гуталчин, үсчин, засварчин, нэхмэлчид байна. Эдгээр хүмүүс сум хөгжүүлэх сангийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлд хамрагдан өөрийн бизнесээ өргөжүүлж байна. Оёдолчид нь ажлын хувцас хэрэглэлээс эхлээд сурагчдын дүрэмт хувцас, гэрийн цагаан бүрээс оёж зах зээлд нийлүүлдэг аж. Сарын түрээс нь 5000 төгрөг бөгөөд тохилог дулаахан энэ байранд түрээслэгчид нь байнгын үйл ажиллагаагаа явуулж буйдаа сэтгэл өндөр байна. Энэ хавар сумын Засаг дарга Батжаргал сумынхаа нийт ажилгүй иргэдийг цуглуулан: - Та бүхэн хоршоо нөхөрлөл байгуулаад хүрээд ир, боломжит нөхцлөөрөө сумаас дэмжинэ, хамтарч ажилцгаая хэмээн уриалсан бөгөөд энд үйл ажиллагаа эрхэлж буй хүмүүс хоёр гурваараа хоршиж хамтарч байна. ЖДҮ-ийн зээл аваад шаардлагатай техник, багаж, тоног төхөөрөмжөө худалдан авч хүмүүсээ бэлдсэн хэдий ч эргэлтийн хөрөнггүй зогссон хүмүүс бас байлаа. Тэдгээр хүмүүст цаашдаа хэрхэн үйлчилгээгээ жигдрүүлэх талын зөвлөмжийг Хөдөлмөрийн хэлтсийн дарга Баатарсүрэн хүн бүрт өгч байв. Засаг дарга Д.Бат-Эрдэнэ: Бид өнгөрсөн жилээс эхлээд аливаа нэгэн ажлыг эхлүүлсэн хоёр дахь гурав дахь шатандаа явж буй бизнес эрхлэгчдийг дэмжиж зээлийг бодлогоор олгож байгаа. Жишээ нь ааруул үйлдвэрлэдэг хүн шаардлагатай тоног төхөөрөмжөө авчаад дахин үйлдвэрлэлээ өргөтгөх, сав баглаа боодлын асуудал хүсч байвал дэмжээд л явуулна, Өнөөдөр энд шаардлагатай багаж хэрэгслээ авчихсан, хүмүүсээ сургалтанд хамруулчихсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд зогсож буй хүмүүсээ дэмжээд л байхаас яахав хэмээн үйлчилгээ эрхлэгчидтэй хуучилж байлаа.