A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Цэнхэрийн халуун усны нөөцийг тогтоохоор болов.

Цэнхэрийн халуун усны нөөцийг тогтоохоор болов.

Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал нэмэгдэж, жуулчны бааз кэмпүүд улирал харгалзахгүй ажиллаж байна. Үүний цаана орон нутгийн төсвийн орлого, ажлын байр нэмэгдэж байгаа ч байгаль орчинд халтай аялал жуулчлал газар аваад байгаа юм. Үүний тод жишээ нь Цэнхэрийн халуун усны рашаан орчмын газар нутаг юм.

Халуун рашааныг түшиглэн анх 1999 онд Япон эзэнтэй “Цэнхэр жигүүр” жуулчны бааз байгуулагдаж байсан бол одоо энд Дуут ресорт, Шивээт манхан, Хангай ресорт, Алтан нутаг зэрэг таван жуулчны бааз ажиллаж байна. Мөн 30 орчим эко гэр гэх хувь хүмүүс жуулчдыг хүлээн авдаг аж. Эндэхийн жуулчны бааз, эко гэрүүд нийлээд 14,5 га газрыг хамарч байгаа юм байна. Хажуугаар нь жуулчны баазуудыг дагаад цагаан идээгээ борлуулах сонирхолтой малчид ч энэ бүсд төвлөрчээ.

2018 онд аймгийн БОАЖГ-аас захиалж, “Мөнх харилцаа” ТББ-аар Цэнхэрийн халуу рашааны даацыг тодорхойлуулахад “даац хэтэрсэн” гэсэн дүгнэлт гарчээ. Тухайлбал, малын зохист хэмжээ 110,0 мянга байхаас 320,0 мянгад хүрсэн. 1 секундэд 10л буюу 1 минутанд 600л рашаан ундардаг. Өдөрт 8,6 тонн гэсэн үг. Гэтэл таван бааз аялал жуулчлалын ачааллын үед өдөрт хоёр удаа бассейнаа дүүргэдэг гэж тооцвол 1,2 сая литр ус хэрэглэж байгаа гэж тооцжээ.

БОАЖЯ-НЫ САВ ГАЗРУУДЫН УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Н.БАТТУЛГА:

-Ард иргэдийн хэлж байгаагаар халуун рашааны эко систем жилээс жилд дордож байна. Нөөцийг нь тогтоогоод өгөөч ээ гэж байна. Нөөц тогтооход ямар ч үр дүн гарсан бай түүндээ тохируулаад хэрэглээгээ зүй зохистой болгож, менежментээ хийе гэлээ. Тэр ч байтугай стандартын дагуу цэвэрлэх байгууламжаа ч хийе гэсэн саналууд гарлаа.

АЙМГИЙН БОАЖГ-ЫН ДАРГА Н.БАЯНМӨНХ:

-Цэнхэрийн халуун рашааны даац хэтэрч, нөөцийг даруй тодорхойлох шаардлагатай байсан учраас бид хоёр жилийн өмнөөс БОАЖГ, Сав газрын захиргаанд хүсэлт гаргаж, манайд ирж хэлэлцүүлэг хийгээч ээ гэсэн саналыг хүргүүлж байсан. Рашаан маань өнөөдөр даац нь хэтэрсэн, нөөц нь тодорхойлогдоогүй байхад 26 иргэний газрын асуудалтай байна. Нөөц тогтоосноор рашаан түшиглэсэн жуулчны баазуудыг тав хэвээр нь байлгах уу. Дахиад нэмэх үү гэдэг асуудал нь шийдэгдэнэ. Ирэх жилээс байгаль экологидоо ээлгүй үйл ажиллагаа явуулж байгаа эко гэрүүдэд өндөр шаардлага тавинаа, энгийн жишээ гэхэд эко гэрүүд модон жорлон хэрэглээд байна. Эко жорлон тавихгүй бол уучлаарай төр эрх мэдлийнхээ хүрээнд ажлаа хийнээ гэдгийг хатуу хэлье.

Даацын тайланг үндэслэн халуун рашаан орчмын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, цаашид авах арга хэмжээг тодорхойлохоор БОАЖЯ-ны сав газрын дарга, мэргэжилтнүүд, төвийн бүсийн сав газрын захиргаадын төлөөллүүд, аймгийн БОАЖГ, Цэнхэр сумын удирдлагууд, нутгийн иргэд, жуулчны баазуудын удирдлагуудын нэгдсэн хэлэлцүүлэг боллоо.

Энэ хэлэлцүүлгээр рашааны нөөцийг даруй тодорхойлж, байгаль орчны үнэлгээ хийлгэж, түүнд тохирсон аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байгаа дээр талууд санал нэгдээд байна. Халуун рашааны нөөцийг тодорхойлоогүй байж аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөл, газар олгосоор байгаа нь төрийн байгууллагууд болоод сум орон нутгийн уялдаа холбоогүй, ашиг сонирхлын зөрчилтэй тухай асуудал ч энд яригдаж байлаа.

АРХАНГАЙ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Д.ДАШЦЭРЭН:

-Цэнхэрийн халуун рашаан дээр 26 иргэнд газрын зөвшөөрөл өгсөн нь асуудал болоод байгаа. Үүнийг төрийн байгууллагуудын уялдаа холбоогүйтэй холбон ойлгож байна. Аймгийн Засаг даргын захирамжаар мэргэжлийн байгууллагууд ажиллалаад эдгээр зөвшөөрлийг хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан байгаа. Мэргэжлийн байгууллагууд нь дүгнэлтээ өгөөд байхад шийдвэрийг гаргах ёстой Засаг дарга нар нь ажиллахгүй байна.

Цэнхэрийн халуун рашааны орчим одоогийн таван жуулчны баазаас гадна 20 орчим иргэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авчээ. Тэгвэл халуун рашааны нөөцийг тогтоосноор албан ёсны зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийг хэрхэн зохицуулах талаар сумын удирдлагын суурийг сонслоо.

ЦЭНХЭР СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Ж.ЭРДЭНЭЦОГТ:

-2000 оноос Засаг дарга шууд газар олгодог байсан. Хууль нь тийм байсан. Тэрнээс хойш 2014 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ордог болсон. 2008 оноос кадастрын зураглалд ордог болсон. Ингээд өмнөх болон шинэ хуультай холбоотойгоор асуудал үүсээд байна. Манайд олгогдсон газар 24 байна. 24 аж ахуйн нэгжээс тав нь үйл ажиллагаа явуулж байна.

Миний хувьд нөөц тогтоолгох дээр санал нэгтэй байна. Нөөцөөрөө таваас илүү жуулчны бааз үйл ажиллагаа явуулж болохгүй ээ гэвэл хуулиараа л явна.

 Байгалийн баялгийг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны бааз, эко гэрүүд хариуцлагынхаа хүрээнд байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах ёстой. Гэвч Цэнхэрийн халуун рашааны орчмын жуулчны баазууд нэг нь ч ийм төлөвлөгөөг батлуулаагүй өдийг хүрчээ. Тэд орон нутгийн төсөвт рашаан ус ашигласны төлбөр гэж тодорхой хэмжээний мөнгийг  төвлөрүүлж, сумаас ажиллах хүч авдгийг эс тооцвол байгаль орчинд ээлгүй аялал жуулчлалыг сүүлийн 20 гаруй жил эрхэлж иржээ.

ОРХОН ЧУЛУУТ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Ч.ОТГОНБААТАР:

Энд ажиллаж байгаа таван аж ахуйн нэгжид хавар үйл ажиллагаа эхлэхээс өмнө танайх усны дүгнэлтээ гаргана уу гэсэн албан бичигээ явуулдаг. Ус рашаан ашиглагч аж ахуйн нэгжүүдийн бүрдүүлэх материал байдаг. Тэр дагуу энэ аж ахуй нэгж нь хичнээн куб метр ус хуримтлуулах, хоног болон сардаа хэдэн аялагч хүлээж авах гэдгийг үндэслээд Усны тухай хуулиараа дүгнэлтийг нь гаргаад өгдөг. Дүгнэлтийн дагуу аж ахуйн нэгжүүд аймгийн БОАЖГ-тай гэрээ байгуулж зөвшөрөл аваад төлбөрөө Цэнхэр сумын орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. 2017, 2018, 2019 оны байдлаар энэ аж ахуйн нэгжүүд 70 орчим сая төгрөг төвлөрүүлсэн.

Рашаан ашиглах хууль байсан хэдий ч усны тухай хууль 2012 онд шинэчлэн батлагдсантай холбоотойгоор рашаан ашиглах хууль ус ашиглалтын хуультайгаа нэгдсэн байна. Үүнийг дагаад рашаан, ус ашиглах журам шинэчлэгдэж, олон нийтэд танилцуулагдах шатандаа явж байгаа юм байна. Рашаан ус ашиглах журмаараа сав газрын захиргааны эрх үүрэг нь нэмэгдэх юм.

2012 онд Орхон голын нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулахад энэ сав газарт багтаж байгаа Халуун рашааныг ашиглах төлөвлөгөө ч давхар гарч байжээ. Долоон жил өнгөрөөд байхад төлөвлөгөөгөө бариад халуун рашааны нөөцөө тогтоолгоогүйд эрдэмтдийн төлөөлөл сэтгэл дундуур байгаагаа хэлж байлаа.

МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР, ДОКТОР Г.ДОЛГОРСҮРЭН:

-Орхоны менежментийн төлөвлөгөөг бид гадны олон зөвлөхүүдийг оролцуулж хийж байсан. Тухайн үедээ төлөвлөгөөний дагуу нөцөө тогтоогоод ашиглахгүй яав даа гэсэн харуусал төрж байна. Долоон жил өнгөрөөд байхад тухайн үеийн төлөвлөгөөнд орсон ажлууд хэрэгжихгүйгээр барахгүй улам дордуулах хэмжээнд даацыг хэтрүүлсэн явж байна. Тэр зөвлөмж, төлөвлөгөөг аймаг орон нутгийн удирдлагууд авч хэрэгжүүлсэн бол өнөөдөр байдал өөр байх байлаа.

Зөвхөн Цэнхэрийн халуун рашаан төдийгүй, Тэрхийн цагаан нуур, Өгийнуур, Ихтамир, Мухар хужирт зэрэг газруудад рашаан ус дагасан аялал жуулчлалыг нэгдсэн бодлогоор зангидах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь батлах, ус, рашааны нөөцийг нь тодорхойлох зэрэг хэрэгцээ тулгамдаад байна.

Өвөрхангайн Хужирт, Булганы Могодын рашаануудыг 2017 оноос нөөцийг нь тогтоож, түүнд суурилсан зохистой менежмент хэрэгжүүлж байгаа гэнэ. Баянхонгорын Шаргалжуутын халуун рашааны нөөцийг тогтооход 100 гаруй сая төгрөг шаардагдсан гэдэг. Цэнхэрийн халуун рашааны нөөцийг тогтооход энэ хэмжээний хөрөнгө шаардлагатай болох урьдчилсан тооцоолол байгаа бөгөөд үүнийг төр, хувийн хэвшлийнхэн хамтарч хэрэгжүүлэхээр боллоо.

Б.МАНДУУЛ